Шинэ санаа, шилдэг шийдлийг шалгаруулах “Хакатон” уралдааны ялагчид тодорлоо

“3R ContHackt UB – Hackathon 2022” уралдаан нь Европын Холбооноос “Switch Asia” хөтөлбөрийн хүрээнд санхүүжүүлж буй “Улаанбаатар хотын байгалийн нөөцийн тогтвортой хэрэглээг хангах 3А (ариглая, ангилъя, ашиглая) дадал буюу 3R4UB” төслийн хүрээнд Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд амжилттай зохион байгуулагдлаа. Тасралтгүй 40 цаг үргэлжилсэн “3R ContHackt UB – Hackathon 2022” уралдаан өчигдөр /2022.11.27/ дуусаж, ялагчдаа тодрууллаа. Уралдаанд 6 баг оролцож 1. Эко сургуулийн нөлөөллийн сургалтад ашиглах хэрэглэгдэхүүний загвар, шийдэл 2. Хог хаягдлыг ангилан ялгах эко цэгийн загвар шийдлийн шинэ санаа гаргаж өрсөлдлөө. 18-35 насны 30 орчим залуусын өрсөлдөөн эн тэнцүү шахам, хүчтэй өрсөлдөгчид байсныг тэмцээнийн шүүгчдийн бүрэлдэхүүний зүгээс онцолсон. Шүүгчдийн бүрэлдэхүүнд :

"Италийн Үндэсний судалгааны зөвлөл"-ийн мэдээлэл харилцааны зөвлөх Игорь Скогнамиглио, Кристина Висконти профессор, "Метелиа Сервизи" компаний техникийн хэлтсийн менежер Винченцо Пинто, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн захирал Т.Бүдээхүү, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас Д.Ганбат, БШУЯ-ны Шинжлэх ухаан, технологийн газрын шинжээч Б.Урьболд, Европын холбооны Монгол дахь төлөөлөгчийн газрын хөтөлбөрийн менежер М.Бямбарагчаа, СХДЗДТГ-ын орчны бохирдол хариуцсан мэргэжилтэн С.Уранчимэг, "Ирээдүйн төлөөх Баасан гараг" ТББ-ын төлөөлөл У.Номундарь нар шүүгчээр ажилласан юм. Шүүгчдийн шийдвэрээр “Сорил-1 “-д оюутан, судлаачдын хамтарсан “Green and Clean “баг ялж өргөмжлөл мөнгөн шагналын эзэн болсон бол “Сорил-2”-д МУИС-ийн оюутнуудаас бүрдсэн “NumFiR3” баг ялагч болж өргөмжлөл, мөнгөн шагнал хүртлээ. Уралдааны хаалтад уригдан оролцсон БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндорж, Итали улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Лаура Ботта нар шагнал гардуулсан юм.

EU Delegation to Mongolia

EU SWITCH-Asia Programme

Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Боловсрол шинжлэх ухааны яам

Нийслэлийн захирагчийн ажлын алба

Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв