Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн “Байгаль, ан амьтны музей”

Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн “Байгаль, ан амьтны музей” нь 150 орчим үзмэртэй. Олон нийтэд нээлттэй музейн үзмэрээ бид цувралаар танилцуулж байна.

Энэ удаад бид хар өрөвтас шувууны чихмэлийг танилцуулж байна.

Хар өрөвтас Ciconia nigra нь Өрөвтасынхан овгийн томхон, ус гатлагч шувуу юм. Энэхүү зүйл нь өргөн тархсан боловч ховор бөгөөд 1 м орчим өндөр, далавчаа дэлгэхэд 1.8 м, биеийн жин нь 3 кг болно. Цагаан хэвлийгээс бусад хэсэг нь хар бөгөөд хошуу, хөл нь улаан өнгөтэй. Алгуур удаан алхаж явна.

Хар өрөвтас навчит болон шилмүүст модон ойн ойролцоо чийгтэй, намгархаг газар, мөн уулархаг газар нутагладаг. Өндөр модонд үүрээ засна. Гол идэш тэжээл нь хоёр нутагтан, шавьж хорхой зэрэг юм. 4-5 сард 3-5 цагаан өндөг гаргана.