Монгол Улсын Засгийн газраас 2023, 2024, 2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан гадаадын жуулчдыг хүлээн авах бэлтгэл ажлыг эрчимжүүлэх ажлын хүрээнд Хятадын зах зээлд ажилладаг тур оператор компаниудын төлөөллийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга Т.Мөнх-Од, мэргэжилтэн П.Баярцэцэг нар хүлээн авч уулзав.
2019 онд Монгол Улсад 577 мянган жуулчин ирснээс БНХАУ-аас 168 мянган жуулчин ирсэн бөгөөд 2022 онд 22767 жуулчин аялсан статистик мэдээлэл байна.
”Монголд зочлох жил”-ийн төлөвлөгөөт ажлын хүрээнд жуулчдыг татах олон чиглэлийн эвент арга хэмжээг зохион байгуулах, жуулчин хүлээн авахтай холбоотой хүндрэл чирэгдлийг арилгах, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх, тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг ажлуудыг хийж байна.
Уулзалтын үр дүнд Хятад жуулчдын онцлог, маршрут, аяллын хөтөлбөрийн судалгаа гаргах, хамтарч ажиллахад ямар дэмжлэг хэрэгтэй байгаа тухай санал солилцлоо.