СИНГАПУР УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ, БАЙГАЛЬ ОРЧНЫ ЯАМТАЙ ПАРИСЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙН 6 ДУГААР ЗҮЙЛИЙН ДАГУУ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Тус санамж бичиг нь “Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллах тухай Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Бүгд Найрамдах Сингапур Улсын Тогтвортой хөгжил, байгаль орчны яам хоорондын санамж бичиг”-ийн зорилго нь талуудын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг бэхжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй хөгжлийг цогцлооход харилцан дэмжлэг үзүүлэхэд оршино. Иймд энэхүү хэлэлцээрийг байгуулснаар Монгол Улсын НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь конвенц болон Парисын хэлэлцээрийн хүрээнд хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлэхэд түлхэц, дэмжлэг үзүүлэх, хоёр талт хамтын ажиллагааг эрчимжүүлэх чухал ач холбогдолтой юм.

Санамж бичигт Байгаль орчин аялал жуулчлалын Сайд Б.Бат-Эрдэнэ, Бүгд Найрамдах Сингапур Улсын Тогтвортой хөгжил, байгаль орчны сайд хатагтай Грейс Фу Хай Иен гарын үсэг зурав.

САНАМЖ БИЧГИЙН ХҮРЭЭНД:

- Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах;

- Нүүрстөрөгчийн кредитийн талаарх мэдээлэл, мэдлэг, туршлага солилцох;

- Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох; - Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах чиглэлээр хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх;

- Техникийн болон хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм.

Санамж бичгийн үндсэн зорилго нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, сөрөг нөлөөллийг бууруулах, хүлэмжийн хийн ялгарлын тооллого тооцооны тогтолцоог сайжруулахад чиглэсэн арга хэмжээ авч, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар тодорхой төсөл, хөтөлбөрүүдийг Бүгд Найрамдах Сингапур Улстай хамтран хэрэгжүүлэхэд оршино. Хамтын ажиллагааны чиглэлүүд нь нүүрстөрөгчийн зах зээл, хүлэмжийн хийг бууруулах үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл, мэдлэг, шилдэг туршлага солилцох зэрэг олон зүйл заалтуудыг багтаагаад байна. Бид хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, хэмжих тайлагнах, баталгаажуулах системийг хөгжүүлэх, нүүрстөрөгчийн зах зээл, уур амьсгалын загварчлал, ногоон технологи, инноваци зэрэг салбарт техникийн болон хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах юм.