БИЧИЛ ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

 

 

БИЧИЛ ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВАХ ЗАР

Төслийг захиалагч байгууллага:  Засгийн газрын тусгай сан “Байгаль орчин, уур амьсгалын сан”

1.  Байгаль орчин, уур амьсгалын сан нь “Засгийн газрын тусгай сангийн тухай” хуулийн 7.3 дахь хэсэгт нийцсэн, байгаль орчинг хамгаалах, нөхөн сэргээхэд чиглэсэн төсөл хэрэгжүүлэх гэж байгаа тул сонирхсон этгээдийг төслөө ирүүлэхийг урьж байна. 

2. Төслийн хамрах хүрээ:

Төсөлд нийслэл, орон нутгаас холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хоршоо, нөхөрлөл, иргэн (зөвхөн зөвлөх үйлчилгээ) оролцох боломжтой.

3. Төслийн санхүүжилт:

  • Төсөлд 20,000,000 (хорин сая) хүртэл төгрөгийн санхүүжилтийг олгоно.
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15.1.4, 15.2.3 дахь заалт, “Байгаль орчин, уур амьсгалын сангийн санхүүжилтээр хэрэгжих төсөл, арга хэмжээг сонгон шалгаруулах, санхүүжүүлэх журам”-ын 6 дугаар зүйл болон  ажилтны цалингийн зардлыг санхүүжүүлэхгүй.

4. Төсөлд тавигдах үндсэн шаардлага:

4.1. төсөл нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7.3 дугаар зүйл болон бусад холбогдох хууль тогтоомжид нийцсэн байна;

4.2. төсөл хэрэгжүүлэгч нь байгаль хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, тухайн гүйцэтгэж буй төслийг хэрэгжүүлэх хүний нөөцийн      чадавхтай байх (Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйл);

4.3. төсөл хэрэгжүүлэхэд шаардагдах зардлын 20-30 хувийг орон нутгийн байгууллагын, эсхүл өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх санхүүгийн чадвартай, үүнийгээ нотолсон байх (Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15 дугаар зүйл);

4.4. санаачилсан төслийг нь хуульд заасан тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд гүйцэтгэхээр бол төсөл хэрэгжүүлэгч өөрөө энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй байх, эсвэл энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй байгууллагатай төслийн хүрээнд хамтран ажиллах гэрээтэй байх;

4.5. төслийн баримт бичгийн бүрдлийг бүрэн хангасан үндэслэл, тооцоо судалгаа, хэрэгжих цаг дараалал, арга аргачлал, үр ашгийн тооцоолол үндэслэлтэй хийгдсэн байх. Үүнд:

  • Үндэслэл;
  • Зорилго;
  • Зорилт;
  • Хэрэгжүүлэх хугацаа, үе шатууд (тухайн ондоо хэрэгжих);
  • Үйл ажиллагааны төлөвлөгөө;
  • Төслийн төсвийн зарцуулалт (бодитой, үр ашигтай, хэмнэлттэй);
  • Төсөл хэрэгжүүлэхэд тохиолдож болох эрсдэлүүд, түүнийг даван туулах арга замууд;
  • Төслийн давуу болон сул талууд;
  • Төслийн үр шимийг хүртэгсэд;
  • Гарах үр дүн;
  • Төслийн үйл ажиллагааг тайлагнах.

4.6. өмнө нь байгаль орчны салбарт ямар нэгэн төсөл хэрэгжүүлсэн бол гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн, энэ талаар нотолгоо баримттай байх (гэрээ, гэрээ дүгнэсэн актын хуулбар хувь)

5. Төсөл хүлээн авах хугацаа:        

Төслийн материалыг 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 1500 цаг хүртэл цахим ([email protected])-аар хүлээн авна.

6. Сонгон шалгаруулалтын үр дүнг зарлах: Төслийн үр дүнг тухай бүр цахимаар зарлана.

7. Нэмэлт материал:

Төсөлд оролцох байгууллагууд дараах материалыг ирүүлнэ. Үүнд:

  • Албан хүсэлт, байгууллагын танилцуулга;
  • Аж ахуйн нэгж байгууллагын гэрчилгээ (хуулбар хувь);
  • Дэмжигч байгууллагын хүсэлт (төрийн байгууллага).

8. Холбоо барих хаяг, лавлах утас:

Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 11-р хороо, Зайсан 9, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн байр 301 тоот, утас 91991818.

                                                                                                      ---оОо---

 

Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2023 оны

А/159 дүгээр тушаалын хоёрдугаар хавсралт 

                                                                                                                                                                                                                                                                                                     

БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН САНГИЙН САНХҮҮЖИЛТЭЭР ХЭРЭГЖИХ ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ, САНХҮҮЖҮҮЛЭХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэхүү журмын зорилт нь Байгаль орчин, уур амьсгалын сан (цаашид “Сан” гэх)-ийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ (цаашид “Төсөл” гэх)-г сонгон шалгаруулах, санхүүжүүлэх, гүйцэтгэлийг тайлагнах, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

1.2. Журмыг хэрэгжүүлэхэд Төсвийн тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомж, журам, зааврыг тус тус дагаж мөрдөнө.

1.3. Сан нь хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, нийгэм, эдийн засгийн хөгжлийг байгаль орчны тэнцвэртэй байдалтай уялдуулах, экологийн боловсрол, байгаль орчныг хамгаалах, түүний баялагийг зохистой ашиглах, байгаль орчныг нөхөн сэргээхтэй холбоотой Төрийн бус байгууллага (ТББ), аж ахуйн нэгж, нөхөрлөл (цаашид “Төсөл хэрэгжүүлэгч” гэх)-ийн үйл ажиллагаанд зохих хууль, журмын дагуу санхүүгийн дэмжлэг үзүүлж, түүнийг үр ашигтай зарцуулахад хяналт тавина.

1.4. Сангийн хөрөнгийг захиран зарцуулах шийдвэрийг Байгаль орчин, аялал жуучлалын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гаргана.

1.5. Сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээг сонгон шалгаруулах, зориулалтын дагуу санхүүжүүлэх, тайлагнах асуудлыг Байгаль орчин, аялал жуучлалын сайдын тушаал, сайдтай байгуулсан гүйцэтгэлийн төлөвлөгөөний хүрээнд Сангийн захирал зохион байгуулна.

1.6. Сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл сонгон шалгаруулах, зориулалтын дагуу санхүүжүүлэх, тайлагнах үйл ажиллагаанд сангийн орон тооны бус удирдах зөвлөл хяналт тавина.

1.7. Сангаас санхүүжилт хүсч ирүүлсэн төслийг сонгон шалгаруулж, шийдвэр гаргах чиг үүрэг бүхий “Төсөл сонгон шалгаруулах ажлын хэсэг” (цаашид “Ажлын хэсэг” гэх) ажиллана. Ажлын хэсэг нь үйл ажиллагаандаа энэхүү журмыг мөрдлөгө болгоно.

Хоёр. Төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүн, эрх, үүрэг

2.1. Ажлын хэсэг нь салбарын болон төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдсэн 5-аас доошгүй хүний бүрэлдэхүүнтэй байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг Байгаль орчин, аялал жуучлалын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн  батална.

2.2. Ажлын хэсгийн  үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна.

2.3. Ажлын хэсгийн гишүүдийн 60 хувиас дээш ирцтэй оролцсоноор хуралдааныг хүчинтэйд тооцож, оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ. Хэрэв саналын дүн тэнцсэн тохиолдолд ажлын хэсгийн ахлагчийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ.

2.4. Гишүүд хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад тохиолдолд товлогдсон хуралд оролцох үүрэгтэй бөгөөд хуралд биечлэн оролцох боломжгүй бол цахим хэлбэрээр оролцоно.

2.5. Хуралдааны явцын тухай тэмдэглэл хөтлөж, хуралд оролцсон гишүүд гарын үсэг зурж баталгаажуулах бөгөөд эсрэг саналтай гишүүн хурлын тэмдэглэлд энэ тухайгаа тэмдэглэж гарын үсгээ зурна.

2.6. Ажлын хэсгийн эрх, үүрэг:

2.6.1.ажлын хэсэг нь ирүүлсэн төслийг хуралдаанаар хэлэлцэх, сонгон шалгаруулах;

2.6.2.ажлын хэсгийн гишүүн нь ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөл бий болсон тохиолдолд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухайгаа ажлын хэсэгт мэдэгдэх;

2.6.3.ажлын хэсгийн гишүүд хурлын шийдвэр, зөвлөлдсөн асуудлын талаар бусдад задруулахгүй байх, үнэн шударга шалгаруулах, бусдад давуу байдал бий болгохгүй байх;

2.6.4. сонгон шалгаруулалтад ирүүлсэн төслийг хувийн болон бусад этгээдийн ашиг сонирхолд үйлчлэх зорилгоор ашиглахгүй байх;

2.6.5.Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, бусад хууль тогтоомж, энэ журам болон эдгээртэй нийцүүлэн гаргасан дүрэм, журам, зааврыг мөрдлөгө болгон ажиллах.

                                 Гурав. Төсөл сонгон шалгаруулалт зарлах, хүлээн авах, гэрээ байгуулах

3.1. Ажлын хэсэг нь улсын хэмжээнд төсөл хүлээн авах зарыг цахим хуудас (www.met.gov.mn, www.ecfund.mn)-нд олон нийтэд мэдээллэх үүргийг хүлээнэ. Төсөл хүлээн авах зард төслийн зорилго, хамрах хүрээ, төсөлд тавигдах шаардлага, санхүүжилт, бүрдүүлэх материал, төсөл хүлээн авч эхлэх,  дуусах хугацаа, байршил, холбоо барих утасны дугаар зэрэг мэдээллийг тусгасан байна.

3.2. Сан нь улсын хэмжээнд 20,000,000 /хорин сая/ төгрөг хүртэл санхүүжилт хүссэн төслийг цахимаар эсхүл цаасан хэлбэрээр хүлээн авна. Хэрэв цахимаар болон цаасан хэлбэрээр нэгэн зэрэг ирүүлсэн тохиолдолд цаасан хэлбэрийг судална.

3.3. Ажлын хэсэг төсөл хүлээн авахаас ажлын 5-оос доошгүй хоногийн өмнө цахим хуудсанд зарыг байршуулна.

3.4. Төслийг ажлын 10 хоногт хүлээн авна. Ажлын хэсэг төсөл хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор хуралдаж, энэ журмын 4-т заасан шаардлага хангасан, гишүүдийн олонх дэмжсэн төслийг хууль тогтоомжид нийцүүлэн батлуулахаар сангийн төсвийн шууд захирагчид хүргүүлнэ.

3.5. Төсвийн шууд захирагч ажлын хэсгээс гаргасан дүгнэлтэд үндэслэн ажлын 5 өдрийн дотор гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай шалгарсан этгээд болон бусад оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр болон цахимаар мэдэгдэнэ.

3.6. Сангийн захирал гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй өдөрт багтааж төсөл хэрэгжүүлэгчтэй гэрээ байгуулна.

3.7. Сан нь төсөл хүлээн авах хугацаа зарлагдахаас бусад үед төсөл хүлээн авахгүй.

3.8. Төслийн сонгон шалгаруулалтын үр дүнг тухай бүр цахим хуудас (www.mne.gov.mn, www.ecfund.mn)-нд олон нийтэд мэдээллэнэ.   

                                                                 Дөрөв. Төсөл хэрэгжүүлэгчид тавигдах үндсэн шаардлага

4.1. Сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэх аж ахуйн нэгж, байгууллага дараахь шаардлага хангасан байна. Үүнд:

4.1.1. төсөл, арга хэмжээ нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7.3.1-7.3.12 дахь заалт болон бусад холбогдох хууль тогтоомжид нийцсэн байна;

4.1.2. төсөл хэрэгжүүлэхэд шаардагдах зардлын 20-30 хувийг орон нутгийн байгууллагын, эсхүл өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх санхүүгийн чадвартай, үүнийгээ нотолсон байх;

4.1.3. санаачилсан төслийг нь хуульд заасан тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд гүйцэтгэхээр бол төсөл хэрэгжүүлэгч өөрөө энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй байх, эсвэл энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй байгууллагатай төслийн хүрээнд хамтран ажиллах гэрээтэй байх;

4.1.4. төслийн баримт бичгийн бүрдлийг бүрэн хангасан үндэслэл, судалгаа, шинжилгээ, хэрэгжих цаг дараалал, арга аргачлал, үр ашгийн тооцоолол үндэслэлтэй хийгдсэн байх;

4.1.5. өмнө нь байгаль орчны салбарт ямар нэгэн төсөл хэрэгжүүлсэн бол гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн, энэ талаар нотолгоо баримттай байх;

4.1.6. төсөл, түүнд хавсаргасан материалын үнэн зөв байдлыг төсөл ирүүлэгч бүрэн хариуцна.

Тав. Сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл

5.1. Сангийн хөрөнгийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 6.1.2, 6.1.3, 6.2.2, 7.2-т заасан эх үүсвэрээс бүрдүүлэх бөгөөд дор дурдсан төслийг санхүүжүүлэхэд зарцуулна. Үүнд:

5.1.1. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т заасан төсөл, арга хэмжээ;

5.1.2. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, тухайн жилийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлд туссан төсөл, арга хэмжээ;

5.1.3. Улсын Их Хурал, Засгийн газрын шийдвэрээр батлагдсан байгаль орчны салбарын хөтөлбөрүүдэд тусгагдсан төсөл, арга хэмжээ;

5.1.4. Төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийн шийдвэрлэгдсэн төсөл, арга хэмжээ.

Зургаа. Сангийн хөрөнгөөр санхүүжүүлэхийг хориглох төсөл

6.1. Тусгай сангийн хөрөнгийг батлагдсан төсвөөс хэтрүүлэх, хуульд зааснаас өөр зориулалтаар ашиглах, зарцуулахыг хориглоно. Тухайлбал:

6.1.1. Засгийн газрын тусгай сангийн тухай, Байгаль орчныг хамгаалах тухай болон бусад байгаль орчны холбогдолтой хуульд заагаагүй төсөл;

6.1.2. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, тухайн жилийн үндсэн чиглэл болон Улсын Их Хурал, Засгийн газрын шийдвэрээр батлагдсан байгаль орчны салбарын хөтөлбөрүүдэд тусгагдаагүй төсөл;

6.1.3. хэрэгжүүлэх гэж буй төслийн хэрэгжилтийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл дутуу, эсхүл хуульд заасан, мөн төсөл сонгон шалгаруулагчийн зүгээс тавьсан шаардлагыг хангаагүй;

6.1.4. төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгчийн үйл ажиллагааны чиглэл, явуулж ирсэн үйл ажиллагааны бодлого нь тодорхойгүй, мэргэжлийн ажиллах хүчин хангалтгүй, төсөл сонгон шалгаруулагчийн зүгээс төслийн үр дүн эрсдэлтэй гэж дүгнэсэн тохиолдолд;

6.1.5. өмнө ажлын гэрээний үүргээ биелүүлээгүй, санхүүжилтийг зориулалтын бусаар ашигласан;

6.1.6. шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын төлбөртэй этгээдийн бүртгэлд бүртгэгдсэн;

6.1.7. бусад эх үүсвэрээс санхүүжилт авсан бол;

6.1.8.байгаль орчин болон хүний эрүүл мэндэд хортой технологи, материал хэрэглэсэн, экологийн хохирол учруулсан нь эрх бүхий байгууллагаар тогтоогдсон.

Долоо. Сангийн хөрөнгөөр санхүүжүүлсэн төсөл, арга хэмжээний хэрэгжилт, зардлын зарцуулалтыг тайлагнах, түүнд хяналт тавих

7.1. Сангийн төсвийн шууд захирагч нь тусгай сангийн зарцуулалтын тайланг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 24.1-т заасны дагуу хагас, бүтэн жилээр гаргаж, Төсвийн тухай хуулийн 54.2-т заасан тайланд тусган санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

7.2. Тусгай сангийн хөрөнгийн зарцуулалт, гүйцэтгэл, санхүүжүүлсэн төсөл, арга хэмжээний мэдээллийг холбогдох шийдвэрийн хамт тухайн шийдвэр гарсан сард нь нэгтгэн олон нийтэд нээлттэй тайлагнаж, Шилэн дансны тухай хуульд заасан журмын дагуу байгууллагын цахим хуудас болон шилэн дансны нэгдсэн цахим хуудсаар дамжуулан хуульд заасан хугацаанд тогтмол мэдээлнэ.

7.3. Сангийн зарцуулалтын тайланд Төрийн аудитын тухай хуульд заасны дагуу Үндэсний аудитын газраар дүгнэлт гаргуулна.

7.4. Тусгай сангийн жилийн эцсийн зарцуулалтын тайланг аудитын дүгнэлтийн хамт уг тайлан гарснаас хойш 20 хоногийн дотор байгууллагын шилэн данс, цахим хуудсаар дамжуулан нийтэд мэдээлнэ.

7.5. Сангийн захирал ажлын хэсгийн үйл ажиллагаа, шийдвэрт холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавьж, гарсан зөрчлийг арилгуулах;

                                                                 Найм. Гомдлыг хянан шийдвэрлэх

8.1. Ажлын хэсэг төсөлт оролцогчоос ирүүлсэн  гомдлыг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногийн дотор хянан шийдвэр гаргах бөгөөд уг шийдвэрт гомдлыг хүлээж аваагүй бол түүний үндэслэл, гомдлыг хүлээн зөвшөөрсөн бол түүнийг барагдуулах арга хэмжээ авна.

8.2.Нийтийн эрх ашгийг хамгаалах үүднээс төсөл шалгаруулалтыг зогсоолгүйгээр үргэлжлүүлэх шаардлагатай гэж захиалагч шийдвэрлэснээс бусад тохиолдолд гомдол ирснээс хойш захиалагч гэрээ байгуулах эрх олгож болохгүй.

8.3. Энэ журмын 8.2-д заасны дагуу төсөл шалгаруулалтыг үргэлжлүүлэх шийдвэр гаргасан бол холбогдох үндэслэлийг тухайн шийдвэрийг хэрэгжүүлэхээс ажлын 3-аас доошгүй хоногийн өмнө гомдол гаргагчид албан ёсоор мэдэгдэнэ.

8.4. Гэрээ байгуулах эрх олгосноос хойш ирсэн гомдлыг хүлээж авахгүй.

 

---оОо---